Их Британий Виктория Алберт музейн шинэ салбар ирэх жил ашиглалтанд орно
Зуун далан гурван жилийн түүхт Виктория алберт музей нь Их британий томоохон урлагийн музейн нэг билээ. Тус музейн шинэ салбар Ви энд Эи Ийст (V&A East) нэртэйгээр 2026 оны 4-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж үзэгчдээ хүлээн авахаар төлөвлөж байна.
1852 онд байгуулагдсан Виктория Алберт музейн төв салбарыг тойрон Өмнөд Кенсингтон дүүрэг нь Лондон хотын урлаг соёлын төв болсон бол Ви энд Эи Ийст музей нь Лондон хотын зүүн хэсгийн соёлын цөм болгох зорилготойгоор арав гаруй жил төлөвлөн гүйцэтгэжээ. Энэхүү шинэ салбар нь Стратфорд дахь Хатан хаан Элизабетын Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах болсон нь 2012 оны Лондонгийн Олимпыг зохион байгуулсан түүхэн үйл явдлыг дурсаж, өвлүүлэн үлдээх зорилго бүхий амбицтай бүтээн байгуулалт юм.

“Бид яагаад хийдэг вэ” (Why We Make) нэртэй байнгын үзүүллэгийн хоёр танхимд Виктория алберт музейн цуглуулгаас шилж сонгосон 500 гаруй үзмэрээр дамжуулан дэлхийн өөр өөр соёлыг харуулах урлагийн бүтээл, барилга архитектурын, дизайн, өрөг урлаг, хувцас загварын өвийг дэлгэгдэнэ.
"Өөрийгөө тойлохуй" (Caring for Ourselves) хэсэг нь бүтээх үйл болон асаргаа хоорондын хамаарлыг онцлох бөгөөд эд зүйлсийн бүтээх, зан үйлд ашиглах нь бие сэтгэлийг хэрхэн тойлж, тэтгэж байдгийг харуулахыг зорьжээ.
"Бид уур амьсгалын хямралаас эхлээд улс төрийн хэт туйлшрал зэрэг сорилтуудтай тулгарч буй өнөө үед музей, бүтээлч салбарууд хүмүүсийг нэгтгэж, харилцан яриа өрнүүлэх орчныг бий болгож, дэлхийн уран бүтээлчид, дизайнерууд болон бүтээгчид өөрсдийн бүтээлч чадвараа ашиглан хэрхэн дэлхий ертөнцийг илүү сайн сайхнаар өөрчилж байгааг онцлон харуулах чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Ви энд Эи Ийст музейн захирал Гус Кэйсэли-Хэйфорд онцолжээ.
"Бид олон зуун жилийн турш бүтээлч сэтгэлгээний зүрх болж ирсэн энэ гайхалтай хотод олон соёлт үзлийг тусгасан, Лондонгийн зүүн хэсэгт байрлах ч дэлхийд хандсан Ви энд Эи Ийст музейгээ хүн бүхэнд нээлттэй байлгахаар зорин үзэгчдэдээ зориулан үзэгчидтэйгээ хамт бүтээн босгосон. Ви энд Эи Ийст музей нь танд зориулагдсан болно.”
Музейн анхны түр үзэсгэлэн “The Music is Black: A British Story” нэртэйгээр Их Британи дахь Африк гаралтай хөгжимчин, уран бүтээлчдийн 125 жилийн бүтээл туурвилын түүхийг өгүүлэх юм.
Харин музейн барилгыг O'Donnell + Tuomey архитектурын фирм зохион бүтээжээ. “Бид яагаад хийдэг вэ” галерейг JA_Projects, A Practice for Daily Life болон Larry Achiampong фирмүүд хамтран зохион бүтээжээ.